Imagination is the highest form of research. Albert Einstein
Showing posts with label How it works. Show all posts
Showing posts with label How it works. Show all posts

Газар доор байрлах автоматчлагдсан номын сан яаж ажилладаг вэ?

Номын санд судалгаа хийх гэж ирсэн зочид захиалсан номоо удаан хүлээж суух, захиалагчаас буцаагдан ирсэн номнуудыг номын тавиур дээр өрөхгүй удаж хэт их бөөгнөрөл үүсгэх, номын сангийн агуулахын хүчин чадал хомсоос үүдэлтэй хүндрэлүүд гэх мэт олон асуудлуудыг нэг дор шийдэж чадсан байна. Өнгөрсөн оны дунд үеэр Чикагогын их сургуулийн бүрэн автоматчлагдсан номын сан ашиглах болжээ. Тус сургуулийн газар доор байрлах номын агуулахад 5 автомат робот ажилладаг бөгөөд тэдгээрийг Boeing, Ford болон IBM компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглосон байна. Уг байгууламжийг гүйцэтгэсэн компани одоогоор үүнтэй ижил төстэй 3 номын сангийн төсөл дээр ажиллаж байгаа аж.
Номын сангийн агуулахад 16 метр өндөртэй тавиуруудад нийт 24000 ширхэг металл хайрцагнууд байрладаг бөгөөд хайрцаг тус бүрд дундаж хэмжээтэй 100 ширхэг ном багтдаг байна. Агуулах галын болон агааржуулалтын их бүрэн тоноглолтой ба тогтмол 15 градус цельс, 30 хувийн чийгшилтэй орчин бүрдүүлдэг байна. 

1. Захиалга 

Хэрэглэгч цахим үнэмлэх ашиглан дурын сүлжээтэй компьютероос захиалга өгч болно. Тухайн уншигчийн захиалсан ном яг хаана оршиж байгааг систем таньд мэдээлэх аж. 

2. Захиалсан номыг эрж хайх 

Газар доор байрлах номын агуулахны тавиуруудын дундуур чөлөөтэй нааш цааш зорьчих 4 ширхэг автомат робот өргөгчүүд ажиллана. Уншигчийн захиалсан номны бар кодыг ашиглан 24000 ширхэг металл хайрцагнуудаас аль хайрцагт нь тухайн ном байгааг олж тодорхойлоно. Программчлагдсан логик контроллерын тусламжтай робот өргөгч өөрийн авах ёстой металл хайрцагны байгаа координатад очих аж. Тухайн координатад робот өргөгч очсоны дараа хайрцагыг уншлагын танхимд байрлах түгээлтын 5 ширээн дээр аваачна. 

3. Хүргэлт

Номын сангийн уншлагын танхимын түгээлтын 5 ширээн дээр захиалгын номнуудын бар кодуудыг номын санч уншуулхад захиалагчид цахим шуудан болон компьютерт нь дуут дохио очих аж. 

4. Буцаах 

Хэрэглэгч уншсан номоо буцаан олгоход номын санч тухайн номны бар кодыг компьютерт таниулан тохирох металл хайрцагыг номын агуулахаас уншлагын танхимд байрлах түгээлтын ширээн дээрээ дуудан авчрах юм. 

Чикагогийн их сургуулийн уг номын сан 3,5 сая номыг 24000 ширхэг металл хайрцаганд багтаан байрлуулсан бөгөөд 5 минутанд багтаан уншигчдад номыг нь хүргэж өгөх аж. Уг номын сан 10 сая долларын өртөгтэйгөөр бүтээн байгуулагдсан байна. 

Гэрэл хэрхэн автоматаар асаж унтардаг вэ?

Flintstones хүүхэлдэйн киноны Fred, Barney хэмээх гол дүрийн баатрууд байдаг. Тэднийг шөнө унтах үед торноос шувуу нисэн гарч ирээд гэрэл унтаагаад буцаад торондоо ордог. Орчин үеийн хотын гудамж болон орцны гэрэлтүүлгэнд ашиглах гэж сургуулилттай шувуу гудамж орцондоо хонуулаад байдаггүй нь мэдээжийн хэрэг юм. Биднийг шөнө орой гудамжинд явуулахын тулд гэрэлтүүлгийг нэгэн этгээд асааж унтраагаад төсвийн мөнгө идээд сууж байдаггүй нь тодорхой. Тэгвэл энэхүү автоматаар асааж, унтраах үйлдлийг кадмийн сульфатан фото эсэргүүцлийн ороомгоор (CdS) хийсэн мэдрүүрийн (датчик, sensor) тусламжтай гүйцэтгэдэг байна. Гудамжинд байгалийн гэрэлтэй үед фото эсэргүүцлийн ороомогт 0 эсэргүүцэл үүсэж хэлхээ цахилгаан хүчдэлгүй байх ба гудамжинд гэрэлгүй харанхуй болох үед фото эсэргүүцлийн ороомогний эсэргүүлцэл өөрчлөлөгдөн хэлхээ хүчдэлтэй болж эхэлдэг байна. Энэ үед соронзон контактын реле ажиллаж гудамжны гэрлийг асааж, унтраадаг байна. Гэрэл автоматаар асааж, унтраах үйлдлийн зарчмын цахилгаан схемийг зурагт үзүүлэв.

Дулааны Цахилгаан Станц яаж ажилладаг вэ?

1882 онд New York хотод эрдэмтэн Thomas Edison олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр хүн төрлөхтөнд нэгэн шинэ эрин үеийг авчирах барилга байгууламж барьсан нь дэлхийн хамгийн анхны цахилгаан станц байсан юм. Бидний амьдралын хэв маягыг орвонгоор нь эргүүлж чадсан цахилгаан, дулааны энерги нь хэрхэн бий болон таны гэрт очдог талаар би багахан ч гэсэн мэдээлэл өгөхийг хичээе. Цахилгаан болон дулааны энергигүйгээр бидний амьдрал агуйн амьдралтай төстэй болох биз ээ. Өнөө цагт өнгөрсөн үеийн суут эрдэмтэдийн бүтээлүүдийг сайжруулан янз бүрийн арга, ажиллагаагаар цахилгаан, дулааны эрчим хүчийг гарган авч байгаа билээ. Байгаль дээрхи ашигт малтмал болох нүүрс, байгалийн хий, цөмийн түлшийг өргөнөөр ашигласан цахилгаан станцууд ажиллаж байгаа бол сүүлийн үед нар болон салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах мөн томоохон хотуудын хог хаягдалуудыг шатааж хүн төрлөхтөн эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байна. Цахилгаан станц нь нарийн технологийн дагуу тодорхой дэс дараалал, инженерчлэлийн тооцооллын үр дүнд явагддаг үйлдвэр бөгөөд цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэхтэй нэгэн цаг мөчид хэрэглэгчид нь хэрэглэгж байдаг онцлогтой үйлдвэрлэл юм. Одоо та бүхэндээ чадах чинээгээрээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ажиллагааг дэс дарааллын дагуу ойлгомжтой тайлбарлахыг хичээе:)
Нүүрс хүлээн авах, нүүрсний агуулах
Уурхайгаас вагонд ачигдан ирсэн нүүрсийг вагон түлхэгч мөн хөмрөгчийн тусламжтай цахилгаан станцын талбайд буулгана. Мэдээж хэрэг нүүрсээ хангалттай нөөцлөх талбай хэрэгтэй болно. Өвөл болж хүйтрэх үед мэдээллийн хэрэгсэлээр цацагддаг ганц мэдээ нь цахилгаан станцын нүүрсны нөөц дуусаж байгаа талаар ярьдаг шүү дээ :) Вагон түлхэгч болон хөмрөгчийг яаж ажилладагыг дараах дүрс бичлэгээс үзнэ үү.



Нүүрс тээвэрлэх, хатаах болон нунтаглах
Цахилгаан станцын ил агуулахад байрлах нүүрснийг туузан дамжуулагч (конвейр) ашиглан түүхий нүүрс хадгалах (нунтаглаагүй нүүрс) саванд хийнэ. Ингэж түүхий нүүрсний саванд хийхээсээ өмнө нүүрснээс хог хаягдалыг ялган тодорхой хэмжээтэй болгох ёстой. Туузан дамжуулагчийг дүрсэлсэн бичлэг үзнэ үү :)



Цахилгаан станцын зууханд нүүрсийг шатаахын тулд гурил шиг нунтаг байдалтай болтол нь нунтаглах мөн хатаах ёстой болдог. Учир нь сайтар нунтаглаж хатаагаагүйгээс болж химийн дутуу шаталт зууханд явагдаж нүүрсхүчлийн хий, метан гэх мэт хорт бодисууд агаар мандалд цацагдах аюултай. Гэр хорооллын утаа энэ байдлаас бас улбаатай тул та болж өгвөл боловсруулсан нүүрс хэрэглээрэй. Нунтаглах, хатаах ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг төхөөрөмжийг тээрэм гэж нэрлэнэ. Доорхи дүрс бичлэгт манай 4-р цахилгаан станцад ашиглаж байгаа булт тээрмийн ажиллагааг харуулсан юм байна. Нүүрс эргэлдэж байгаа тавцан дээр унах үед төвөөс зугатаах хүч үйлчилж тавганы ирмэгт байгаа буланд үрэгдэн нүүрс бутлагддаг. Доороос үлээж байгаа халуун утааны хийн тусламжтай нунтаг нүүрс хатаагдаж хүндийн жин бага хэсэг нь дээш үлээгдэн шатаах зуух руу орно. Сайтар бутлагдаагүй том ширхэгтэй нойтон нүүрс хүндийн жингийн үйлчлэлээр доош унаж дахин бутлагдаж байгаа юм.



Зуух, уурын тогоо
Нунтаг байдалтай хатаагдсан нүүрс нь асаагуур болон шүршигчийн тусламжтай зуух руу өгөгдөж шатаагддаг. Нүүрс шатаж их хэмжээний дулаан ялгарах бөгөөд ялгарсан дулаан нь уурын тогоонд байгаа усыг буцалгадаг. Буцлаж байгаа уснаас өндөр даралттай ханасан уур үүсэх бөгөөд бид энэхүү уурыг ашиглан механик ажил хийх болно. Зуух болон уурын тогоо нь термодинамикийн хуулийн дагуу ажиллах ба зууханд шатсан нүүрснээс ялгарах утаа нь нүүрс нунтаглах, хатаах үйл ажиллагаанд ашиглагдаж үлдсэн хэсэг нь яндангаар гадагш хаягддаг. Энгийн ойлгомжтой дүрс бичлэг олдоогүй тул уучлана биз дээ. Гэхдээ дараахи бичлэг тус болох байх.



Уурын хөдөлгүүр (steam turbine), цахилгаан үүсгүүр (генератор)
Уурын тогоонд боловсруулагдсан өндөр даралттай уурыг уурын хөдөлгүүр оруулдаг. Уурын хөдөлгүүрийн хүрз хэлбэртэй металлуудыг өндөр даралт, хурдтай уур мөргөн хөдөлгүүрийг эргүүлдэг. Өндөр хурд, даралттай уурын нөлөөгөөр уурын хөдөлгүүрын гол эргэлдэж түүнтэй холбогдосон цахилгаан үүсгүүр ажиллаж кинетик энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг.



Хөргөх цамхаг
Цахилгаан станцад ашиглагдсан халуун усыг хөргөх цамхаг ашиглан хөргөдөг. Шүршигч хошуу ашиглан бороожуулах байдлаар өндөрөөс усыг урсган хөргөдөг байна. Бидний зарим нь хөргөх цамхагаас гарч байгаа уурыг утаа хэмээн андуурах тохиолдол их байдаг үнэндээ энэ халуун уснаас ялгарсан уур юм шүү :)
Бидний олж авсан мэдлэгийг ойлгомжтой хэлбэрээр үзүүлэх хөдөлгөөнт дүрс ашиглан хийсэн дүрс бичлэгийг үзнэ үү. Маш сонирхолтой ойлгомжтой байдлаар цахилгаан станц яаж ажилладагыг харуулсан байгаа.


ЖИЧ: Мэргэжилийн бус хүмүүст ойлгогдох хэлбэрт оруулж бичих гэж нэлээдгүй зүдэрсэн бөгөөд мэргэжилийн үг хэллэг онол зэргээс аль болох татгалзаж бичсэн болно :)

Шумбагч онгоц яаж ажилладаг вэ?

Усан доогуур хорин мянган бээр аялсан нь зохиолын биелсэн технологийн нэгээхэн хэсэг нь шумбагч онгоц билээ. Шумбагч онгоц нь гайхамшигтай гэмээр технологуудаас бүрдэн ажилладаг. Дайн тулааны үед цэргийн хүнс, зэр зэвсэг зөөж байсан усан зам маань яваандаа тэдгээр хангамжаа хамгаалах шаардлагатай болж. Чухам энэ үед л усан дээрх тулааны зэр зэвсэгүүд тулааны онгоц үүссэн түүхтэй. Ердөө хэдхэн жилийн өмнө далай тэнгисийн усан мандал дээр дайн тулалдаан явагдаж байсан бол одоо цагт усан доогуур ч мөн адил өргөн далайцтай стратегийн давшилт тулаан болдог болжээ. Шумбагч онгоцны бие бүрэлдэхүүнийг байлдаж сургахаас гадна олон өдөр сараар усан доор амьдрах сэтгэл санаа болон бие махбодийн бэлтгэл шаардлагатай болж иржээ. Цаашид бид шумбагч онгоц маань яаж усанд шумбдаг хэрхэн усны гадаргуун дээр гардаг. Хүн амьдрах бололцоогоо яаж бүрдүүлдэг, эрчим хүчээ хаанаас авдаг, далайн гүнд зүг чигээ хэрхэн олж явдаг гэх мэтчилэн олон асуултуудад хариулт авах болно.

Шумбагч онгоц яаж шумбах болон хөвдөг вэ?

Шумбагч онгоцны суурь хэсэг нь усны гадаргуутай бүх талбайгаараа харьцаж байх ёстой бөгөөд энэ нь хөвөх хүчээр тодорхойлогддог. Шумбагч онгоцны шумбах болон хөвөх үйл ажиллагаа нь нөөцлөх савны тусламжтай нэмэлт хүндийн жин үүсгэх замаар хийгдэнэ. Өндөр хүчин чадалтай насосны тусламжтай далайн уснаас нөөцлөх саванд ус сорон оруулахад шумбагч онгоцны хүндийн жин ихсэж усанд шумбдаг бол нөөцлөсөн усаа гадагш нь зайлуулахад хүндийн жин нь багасаж усны гадаргуу дээр хөвдөг байна. Далайн гүнд хэдэн метр шумбахыг тодорхойлогч хүчин зүйл нь хэр зэрэг ус нөөцлөх саванд сорон авсах вэ гэдэгээс шууд пропорциональ хамааралтай. Доорх хөдөлгөөнт зурганы Submerge товчлуур дээр даран шумбах, surface товчлуур дээр даран усны гадаргууд хөвөх үйл ажиллагааг харна уу.


Хүн амьдрах бололцоогоо яаж бүрдүүлдэг?

Шумбагч онгоцонд хүн амьдрах гурван үндсэн бололцоог хангасан байх шаардлагатай. Үүнд:
  • Амьсгалах агаарын чанар
  • Цэвэр усны хангамж
  • Орчны агаарын температур тогтмол байлгах
Амьсгалах агаарын чанар нь Азот 78%, Хүчилтөрөгч 21%, Нүүрстөрөгчийн давхар исэлүүд 0,04% гэх мэт байх ёстой. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалаад нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг тул энэхүү зохицолдолгоог хангаж байх ёстой. Хэрвээ нүүрстөрөгчийн давхар исэлээр амьсгалах юм бол хүн ухаан алдаж хяналтгүй болдог. Хүчилтөрөгч хадгалах нөөцлөх сав байдагаас гадна уснаас электролизийн химийн халуун аргаар түүнийг мөн гаргаж авч болдог байна. Хүнээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар исэлийг натрийн болон кальцийн цэвэршүүлэх төхөөрөмжөөр цэвэрлэдэг байна. Агаарын чанар шалгагч багаж шумбагч онгоцны агаарын чанарын талаар мэдээлэл эдгээр төхөөрөмжүүдэд өгч авсан мэдээлэлд үндэслэн ажиллана.

Цэвэр усны хангамжаа яаж шийдвэрлэдэг вэ?

Шумбагч онгоцонд ус нэрэх төхөөрөмж ажилладаг бөгөөд далайн усыг боловсруулан цэвэр усны асуудлаа шийддэг байна. Далайн усыг нэрэх төхөөрөмж халааж уур үүсгэснээр давсыг ялган авна. Үүссэн уурыг конденсацын аргаар уурнаас ус үүсэх үзэгдэлийг ашиглан ус гаргаж авдаг байна. Шумбагч онгоцнууд өдөрт 38-150 тонн ус нэрэх хүчин чадалтай төхөөрөмжүүдээр тоноглогддог бөгөөд боловсруулсан ус нь төхөөрөмжүүдийг хөргөх болон багийн гишүүдийн өдөр тутмын амьдралд нь зарцуулагддаг байна.

Орчны агаарын температурыг яаж зохицуулах вэ?

Далайн ус нь 4 цельсийн температуртай байдаг бөгөөд энэ нь хангаллтай хэмжээний хүйтэн байдаг. Хүн амьдрах орчны температурыг /18-20 цельс/ үүсгэхийн тулд цахилгаан халаагууруудыг ашигладаг.

Эрчим хүчний эх үүсгүүр

Шумбагч онгоц нь хэд хэдэн төрлийн эрчим хүчний эх үүсгүүрээр тоноглогдож болдог. Цөмийн реактор, уурын турбинээр тоног төхөөрөмжийн гол эргэх хөдөлгөөнийг гаргаж авч болно. Дизель хөдөлгүүр, цөмийн реактор, эрчим хүч нөөцлөх батарей зэргээр асуудлаа шийддэг байна. Хамгийн оновчтой арга нь Hybrid буюу эрлийз эрчим хүчний эх үүсгүүр ашиглах нь тохиромжтой.

Далайн гүнд зүг чигээ яаж олдог вэ?

Далайн гүний харанхуйд шумбагч онгоц үнэн хэрэгтээ сохор юм шиг л явдаг байна. Гэвч хөлгийг жолоодох нь тийм ч асуудал биш ажээ. Усны гадаргуу дээр шумбагч онгоцыг дэлхийн байршил тогтоогч системийн /global positioning system GPS/ тусламжтай жолооддог байна. Харин усан доогуур шумбаж явахад нь инерцийн жолоодлогийн системийн /цахилгаан, механик/ тусламжтай яг л нүдтэй юм шиг хөлгийг залж чиглүүлж явдаг. Энэ систем нь хөлгийг шумбаж эхэлсэн цэгийг 0 цэг хэмээн аваад орон зайн баримжаагаа энэхүү цэгийн тусламжтай тодорхойлдог. Усан доогуур 150 цаг шумбаж чадах бөгөөд энэ хугацаа дуусахад ахиж усны мандал дээр гарч 0 цэгээ авах ёстой болдог байна. Шумбагч онгоц байлдааны байдалд шилжихэд өөрийн устгах байгаа хэт дуу авианы локаторын тусламжтай олдог. Миний мэдэхээр энэ нь усан дотор амьдардаг загас болон сарьсан багваахай яаж замаа олж явдагтай яг ижилхэн гэж бодож байна. Шумбагч онгоц өөрөөсөө хэт дуу авиа цацруулах бөгөөд цацарсан хэт дуу авиа нь дууны хурдтай усан дотор тархан ямар нэгэн сааданд ойж буцаад өөрийн цацарсан газартаа ирнэ. Хэр хол зайнаас болон хэр том объектоос хэт дуу авиа буцан ойж ирж байгааг хэт дуу авиа хүлээн авагч тодорхойлоно. Сарьсан багваахай харанхуй агуйд явахдаа байнга орилж өөрөөсөө дуу авиа гаргадаг бөгөөд цацарсан дуу авиагаа буцаж ойж ирэхийг нь сонсож зүг чигээ олдог. Хамгийн хол зайнаас ирсэн дуу авиа руу өөрийгөө залж явдаг нь тухайн зайд нисэхэд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй байнаа гэж ойлгодог.

Inkjet Photo Printer яаж ажилладаг вэ?

Inkjet - маш жижиг хэмжээтэй шүршигч хошуунууд ашиглан цаасан дээр бэхийг өгөгдсөн даалгаварын дагуу түрхдэг ажиллагаатай принтер юм.
Зураг дээр микроскопоор томруулж харуулсан принтерийн олон тооны шүршигч хошууг харуулсан байна. Принтерийн шүршигч хошуунууд нь нэгхэн секундэнд 22 мянган дусал бэхийг цаасаны гадаргуун дээр шүршиж бэхжүүлэх хүчин чадалтай байдаг байна. Цаасан дээр бэхийг түрхэх 2 янзын арга байдаг.
  1. Эхний арга нь дулааны процесс ашиглан хэвлэх үйлдэл юм. Шүршигч хошууны хойно байрлах цахилгаан ороомогт халалт үүсгэж бэхийг буцалган цаасан дээр буулгадаг байна.
  2. Хоёр дахь арга нь даралтын хүчийг ашиглах юм. Цаасны гадаргуунд бэхийг түрхэхдээ тодорхой өгөгдлийн дагуу даралт үүсгэн бэхийг шүршдэг байна.
Принтерийн бэх хадгалах савнаас төрөл бүрийн өнгөтэй бэхнүүд өнгөний кодчилолын дагуу холигдон зурагт үзүүлсэн шиг олон тооны шүршигч хошуугаар дамжин цаасан дээр буудаг байна. Зарим тохиолдолд принтер маань цаасанд бэхийг буулгахдаа янз бүрийн зураас татуулан таагүй хэвлэдэг тохиолдолууд байдаг тул та юуны түрүүн шүршигч хошуунуудыг сайтар цэвэрлэх хэрэгтэй болов уу.

Салхин турбин яаж ажилладаг вэ?

Энэхүү салхин турбин нь далайн эргээс зайдуу газар ажиллах зориулалттай бөгөөд цамхагийн өндөр нь 92 метр, роторын диаметр 110 метр, далавчны урт 53 метр бөгөөд аеродинамикийн хамгийн төгс шийдэл өөртөө агуулсан. Салхин турбин нь хамгийн ихдээ 4 мегаватт цахилгаан эрчим хүч гаргадаг юм.
Generator: 90 тонны жинтэй 6 метр диаметр бүхий соронзон цагирагтай энэхүү генератор нь одоогоор дэлхийд хийж чадах хамгийн том генератор юм. Салхин турбины далавч минутанд 8-аас 20 удаа эргэх бөгөөд түүний эргэлтийн хүчийг дамжуулагч арааны тусламжтай генераторт шилжүүлэн цахилгаан үүсгэдэг байна.
Electrical Circuitry: Янз бүрийн давтамжтай цахилгаан гүйдлийг тогтворжуулагч хувьсгуур ажиллан цахилгаан эрчим хүчийг тогтворжуулдаг байна.
Pitch Controller: Салхин турбины далавчийг автоматаар эргүүлэн янз бүрийн өнцгөөр байршуулах зориулалттай автомат тохируулгын төхөөрөмж.
Blades: Нягтруулж сайжруулсан органик бодисоор хийсэн салхин турбины далавч.

Салхин турбин яаж ажилладаг вэ?

Салхины хурд болон зүг чиг тодорхойлогч мэдрүүрээс салхины мэдээлэлүүд автомат төхөөрөмжид ирэх бөгөөд түүний мэдээлэлд үндэслэн салхин турбины далавчыг хамгийн их үр ашигтай салхины чиглэл рүү моторын тусламжтай байрлуулж тавьдаг. Салхины тусламжтай 3 далавч нь 1 цагт 11-ээс 112 километр зай туулан дамжуулагч механизмын тусламжтай салхин турбины далавчны гол эргэлдэх хөдөлгөөний үр дүнд үүссэн механик энергийг генераторт шилжүүлдэг байна. Генераторын гол зэс ороомог дотор эргэлдсэнээр ороомогт индукц үүсэж цахилгаан гүйдэл үүсдэг байна. Үүсэн гарсан эрчим хүчийг тогтворжуулан цахилгаан дамжуулах сүлжээнд өгсөнөөр салхин турбины ажил дуусаж байна. Эх дэлхий маань хүлэмжийн хийн ялгаралтанд өвдөг сөхөрөн агаарын дундаж температур жил ирэх бүр өндөр болж байгаа энэ үед бид сэргээгдэх эрчим хүчийг зөв зохистой хэрэглэж чадвал олон зүйлийг өөрчилж чадна.